Өнгөрсөн сард эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан билээ. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний хэлэлцээрийг ХНХЯ-нд бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.
Тэдний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учраас улс орон даяар долдугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж бусад үйлчилгээг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Хугацаагүй ажил хаялтад эрүүл мэндийн бүх шатны байгууллага хамрагдаж, шаардлагыг хүлээн автал нэгдэнэ гэжээ.
Монгол Улсын хэмжээнд 50 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12 мянга нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган төгрөг байдаг. Тиймээс сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтэй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсан. Ингэхийн тулд эрүүл мэндийн салбарт жилд 73 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай юм байна.
-ХУУРАМЧ БЕНЗИН, ТАМХИНЫ ТАТВАРЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЭМЧ НАРЫН
ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ-
Эрүүл мэндийн салбарын ажилчдын хугацаагүй ажил хаялтын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас дараахь тодруулгыг авлаа.
-Ес хоног үргэлжилсэн суултын эцэст ажил хаялт хийх гэж байна. Долдугаар сарын 5-наас орон даяар эхлүүлэх суултынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд их удаан тэмцэж байна. Зөвхөн суултын ес хоног биш. Өнгөрсөн оны аравдугаар сараас тэмцэж байна. Тэмцлийн үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд сурталтай холбоотой. Бид цалин нэмэх санал, мэдэгдэл, шаардлага өгсөн. Жагсаал цуглаан ч хийлээ. Ажил хаяхгүйн тулд ажил хаялтын өмнөх суулт ч хийж үзлээ. Олон Улсын валютын сан, бүр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна хүртэл суулаа. Хамгийн эгзэгтэй цаг хугацаанд эрүүл мэндийн яам болон холбогдох албаны хүмүүс бидэнтэй уулзаж, гурван өдөр шөнө хэлэлцээрийн ширээний ард сууж багагүй маргалдсан. Маргалдан байж харилцан зөвшилцөлд хүрээд, салбарынхаа хэлэлцээрийг хийсэн. Харамсалтай нь, хуулийн хүрээнд байгуулагдсан хамтын хэлэцээрийг ХНХЯ цалин нэмэгдүүлэх асуудлыг нь хууль зөрчиж байна гэсэн үндэслэлгүй тайлбар гарган ирж бүртгэхээс татгалзсан. Энэ нь манай салбарынхны дургүйцлийг асар их хүргэсэн. Цалин бага гэх шалтгаанаар сувилагч мэргэжил сонгох хүмүүсийн тоо багасчихлаа. Эрүүл мэндийн салбарт явагдаж буй хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга ёсыг тогтоохыг хүлээлээ, гуйлаа, шаардлаа. Эцэстээ зарим нэг нь үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ бол аргаа барсан үйлдэл байсан. Бидний туйлын зорилго ажил хаялт биш.
-Та бүхний туйлын зорилго юу вэ?
-Бид цалин нэмэхийг биш, цалинд тохируулга хийгээч ээ гэсэн шаардлага тавьж буй төдий. Өөрөөр хэлбэл 2014 оноос хойш нэг ч удаа цалин нэмэгдээгүй. Түүнээс өмнө 2010, 2012 онуудад нэмэгдэж байсан. Энэ үед 30-50 хувиар нэмэгдсэн. Тэр үед амьжиргаагаа залгуулах хэмжээнд нэмэгдсэн. 2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байгаа ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Одоо цалин нэмэгдээгүй байхад, бензин нэмэгдчихлээ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ дахиад өснө. Энэ бол халаасанд байсан нэмэгдэл цалингийн 50 хувь нь өнгөрсөн хугацаанд уначихсан гэсэн үг. Энэ цалингийн уналтыг нөхөхийг шаардаад байгаа болохоос биш Цалин 50 хувиар нэмэгдлээ гээд эмнэлгийн ажилчид цатгалан байна гэвэл том эндүүрэл. Эмч эмнэлгийн ажилтнуудын цалин дэлхийн улс орнуудад хамгийн өндөр байдаг. Яагаад гэвэл хүний алтан амь авран хамгааалагч. Тэгэхээр бид Монгол орныхоо эдийн засгийн боломж бололцоонд тулгуурлаад, эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг худалдан авах чадвараа нөхөөдөхье л гэж хэлж байна. Монгол Улсад стандартад байж болох хамгийн дээд хэмжээ. Нөгөө талаар нэг сувилагч хоёр, гурван сувилагчийн ажил хийдэг ч 360-500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь шударга биш байна. Угтаа бол гурван хүний цалин авах ёстой биз дээ. Хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа явдалтай л бид тэмцэж байна. Иймд ажил хаялт зарлаад, бэлтгэлээ хийгээд байж байна.
-Цалин нэмэгдүүлэх эх үүсвэр хаана байгааг тодорхойлоод гаргаад ирэх хэрэгтэй гэх шүүмжлэл гараад байна. Таны бодлоор ямар боломж бололцоо байна вэ?
-Бид цалингаа нэмэх эх үүсвэрээ олчихсон. Эрүүл мэндийн яамтай тооцооллоо хийгээд боломжтой юм гэдэг үүднээс хэлэлцээр хийсэн. Цалин нэмэх асар их боломж байхад татгалзаад байгааг нь ойлгохгүй байна. Үүнийгээ олон улсын валютын сан нэмэхгүй гэж байна гэсэн үндэслэлээр тайлбарладаг. Гэтэл олон улсын валютын сангийнхан танай улс орны дотоод асуудал болохоор бид нийгмийн хамгаалалд хатуу хандсан асуудал байхгүй гэсэн тайлбар өгдөг. Иймд бид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг зөв авч явахын тулд нийгмийн хамгаалал буюу хөдөлмөрийг нь шударгаар үнэлэх асуудлыг хэлэлцээд шийдвэрлэчихсэн асуудал байхүй юу. Үүнийг бүртгэхгүй байгаад манай салбарынхан бухимдалтай байгаа учраас арга буюу тэмцлийн хэлбэрт шилжиж байна. Бид тэмцлийнхээ хугацаанд олон боломж байгааг нэр зааж хэлж байсан удаатай.
-Тухайлбал?
-Төр шатахуунаас авах ёстой татвараа авч улсдаа оруулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүний амь нас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг хуурамч шатахуун бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй оруулж ирж байна. Үүнээс хамгийн багадаа 50 гаруй тэрбум алдаж байна. Тэр хуурамч шатахуунд хордсон хүмүүсийг эцэст нь эмч нар л эмчилж байна. Мөн асар их хор хөнөөлтэй тамхийг ганц монопол компани маш их хэмжээгээр оруулж ирж байна. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгч гэдэг нэрийн дор гаднаас маш их хэмжээний түүхий эд оруулж ирж савлан зарж ард түмний уушгийг хордуулж байна. Түүнд нь хордсон иргэдийг эмч сувилагч нар эмчилдэг. Гэтэл түүнээс орж ирэх 31 тэрбумын татварыг бас л алддаг. Энэ мэт эмч нарын цалинг нэмэгдүүлэх олон боломж байна шүү дээ. Төсвийн тодотгол хийж яагаад болохгүй гэж. Нөгөө талаар эрүүл мэндийн салбар яахаа алдчихсан хэцүү салбар биш. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, төлбөр тусламж үйлчилгээ гэсэн хөрөнгийн гурван эх үүсвэртэй.
-Иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ мөнгө төлчихөөд, түүнийгээ эмч нарт өгч байгаа мэтээр ойлгодог?
–Үнэндээ эмчийн халаасанд нэг ч төгрөг ордоггүй. Эмнэлгийн дансаар ороод төрийн санд төвлөрдөг. Хэрвээ төсвөөсөө давсан орлого биелүүлж, хэмнэлт гаргавал тэр мөнгийг нь ядаж эмч нартаа зарцуулъя гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцээрт тусгасан. Харамсалтай нь, төр бичгээр албан ёсны хариулт өгнө гэсэн ч өдий хүртэл хариу алга. Гэхдээ бид ХНХЯ-ны хариуг хүлээхээс аргагүйд хүрээд байна. Тэр хариуг танилцуулаад, ирэх сарын 5-наас хугацаагүй ажил хаялтаа эхлүүлнэ.
-БИДНИЙ ХУУЛЬ ЁСНЫ АЖИЛ ХАЯЛТЫГ ХУУЛЬ БУСААР
ДАРАМТЛАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧ БАЙНА-
-Ирэх долдугаар сарын 5-ны ажил ажил хаялтад хичнээн эмнэлгийн, хичнээн эмч ажилтнууд хамрагдах вэ?
-Нийт дүн нэгтгэгдэж гараагүй байна. Өчигдөр оройны мэдээллээр 140 гаруй эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад оролцоно гэсэн хариу ирүүлсэн. Алслагдсан сумдад мэдээлэл хүргэх боломжгүй байгаа болохоор бүрэн дүүрэн хариултууд ирээгүй байна. Өнөөдөр оройн 17 цагийн байдлаар нэгдсэн мэдээлэл гаргаад дуусах байх.
-Ажил хаялтын явцад хүний амь настай холбоотой эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ?
–Би түрүүн хэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны туйлын зорилго бол ажил хаялт биш. Хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана. Хуулийн дагуу эмнэлгүүд бүх хурлаа хийсэн. Өөрийн чинь асуусан асуултыг олон хүн асууж, санаа зовж байна. Эмнэлгийн байгууллага амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Тухайлбал, сэхээн амьдруулах, гэмтэл, төрөх, мэдээгүйжүүлэх, хүүхэд нярайн яаралтай тусламж, 103 зэрэг тусламж үйлчилгээнүүдийг зогсоохгүйгээр “Ажил хаялтад оролцож байна” гэх энгэрийн тэмдэгтэйгээр ажлаа тасралтгүй хийнэ. Эмнэлэг бүрт ажил хаялт зохион байгуулах түр хороо байгуулагдаад, ахлагчтай болчихсон байгаа.
-Та бүхэн ес хоног үргэлжилсэн суултынхаа үеэр үсээ хусуулж цочроо өгсөн. Энэ удаагийн ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол дахин ямар цочроо өгөхөөр төлөвлөж байна вэ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Гэнэтийн үйл явдлууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бид суултаа үргэлжүүлж байх хугацаанд чагнуур бариад хүн эмчилдэг эр зоригтой эмч нар бид яагаад төрдөө үгээ хэлж болдоггүй юм бэ гэдэг үүднээс зориглож шийдсэн. Олон хоног талбай дээр сууж байхад үл тоосон учир төрд хандаж бичсэн шүлгээ уншмаар байгаагаа хүссэн. Уншихдаа зүгээр ч нэг уншихгүй, эсэргүүцлээ илэрхийлмээр байна гэж хүссэн. Тэр хүсэлтийг нь би хориглоогүй. Яагаад гэвэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх тэр хүнд бүрэн бий. Үүнд нь эмч, жолооч сувилагч нар нэгдсэн. Энэ бол хийх ажилгүйдээ биш аргаа барсан үйлдэл болсон.
-Ажил хаялт зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-Ажил хаялт хийх сургаар маш их дарамт ирж байна. Төрийн байгууллагууд ийм увайгүй байдлаа болих хэрэгтэй. Тухайлбал, хоёр ч эмнэлгийн ажилчид бидэнд хандлаа. Байгууллагын дарга нь ажил хаялтад оролцохыг зөвшөөрөхгүй байгаа асуудал гарсан байна. Байгууллагын дарга ажил хаялтыг зөвшөөрөхгүй байх эрх хуулинд байхгүй. Үүнээс үүдэж үйлдвэрчний эвлэлийн хороо, түр хорооны дарга нарт хариу шаардлага хүргүүлээд сууж байна. Бидэнд нэмэр болохгүй юм аа гэхэд бидний хууль ёсны ажил хаялтыг хууль бусаар дарамтлахгүй байхыг хүсч байна. Ийм үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг эмнэлгийн дарга нар яг үнэндээ цөөхөн бий. Байгаа орлогоо ажилчиддаа зарцуулахгүй хуримтлуулчихсан дарга нар ч бий. Бид хуулийнхаа хүрээнд хийнэ. Түүнчлэн зарим дүүргийн засаг дарга нар болон тагнуулын байгууллага хүртэл хөндлөнгөөс энэ ажилд оролцох, дуудаж уулзаж дарамтлан боль гэж байна. Ийм эрх хэнд ч байхгүй гэдгийг хэлье.
-Суулт хийх явцад эмнэлгийн биш урлагийн салбарын хөндлөнгийн хүн орж ирж оролцож шоу хийж байна. Түүнчлн таныг суулт толгойлсон хэрнээ өөрөө үсээ хусуулсангүй гэх мэт шүүмжлэлүүд гарсан. Та ямар тайлбар өгөх вэ?
–Эрүүл мэндийн салбарынхан маш их гүтгэлэг, доромжлол, дарамтыг хамтдаа даван туулж байна. Тэглээ гээд бид зорилгоосоо ухрахгүй. Урлагийн гээд байгаа Баттөгс гэх хүн бол Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмч хүн. Одоо хүртэл эмнэлгийн байгууллагад ажилладаг. Эмч хүн шүлэг бичсэн. Ялангуяа үнэнийг өчсөн маш их шүлэг бичдэг. Тийм болохоор энд тэнд уригдаж шүлэг уншдаг. Тийм болохоор урлагийн хүн гэж ойлгосон байх. Тэрнээс биш урлагийн хүн биш. Маш их гүжирдлэг явсан. Бид цагдаагийн байгууллага болон мэлээлэл технологийн байгууллагад хандаад судалж байна. Хаанаас ямар сайтаар худлаа гүтгэлэг гарсныг нь судалж байна. Хамтдаа үсээ хусах санал тавьсан ч эмч нар зөвшөөрөөгүй. Таныг турхирч байна, жүжиг тавьж байна гэж хэлэх байх. Тиймээс бид өөрсдөө хусна. Таниар дамжуулан биднийг харлуулах гэж байгаа учраас та хусч болохгүй гэж хэлсэн. Сая ХНХЯ-ны гадаа бас үсээ хусъя гэж хэлсэн ч хамтын шийдвэртэй байгууллага учраас мөн л зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн салбарынхан маань салбарын яамтайгаа байгуулсан, нэмэлт хэлэлцээрээ бүртгүүлэхийг л Засгийн Газараас хүсч байгаа шүү дээ.
П.УРНАА
Discussion about this post