Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Соёл, урлагийн газрын дарга Монгол улсын гавьяат жүжигчин
Г.Эрдэнэбатын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын болон нийт соёл, урлагийн салбарын үйл ажиллагаатай танилцан, бидэнтэй ямагт хамт байж, Монгол орныхоо соёл, урлагийн хэтийн хөгжлийн төлөө хамтран зүтгэгч байгууллага, уран бүтээлчид, соёлын ажилтан болон соёлын үр шимийг хүртэгч иргэд, үйлчлүүлэгчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Шинээр үүсгэн байгуулагдсан Соёл, урлагийн газар нь төрийн соёлын бодлогын тогтвортой үйл ажиллагааг хангах, соёлын олон төрөл зүйлийг жигд хөгжүүлэх замаар Монгол хүний оюуны хэрэгцээнд нийцэхүйц соёлын үйлчилгээг хүргэх, улс орны эдийн засагт үр нөлөө бүхий соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, даяаршиж буй өнөө цагт бусдын соёлын нөлөөлөл, дарангуйлалд өртөхөөс сэргийлэх, соёлоо дархлан хамгаалах, үндэсний соёл, давтагдашгүй онцлогоо хадгалан үлдэх зорилго бүхий мэдлэгт суурилсан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар Монгол контентийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг уялдаа холбоо бүхий салбар дундын хамтын, цогц үйл ажиллагаануудын нэгдмэл байдлыг ханган ажиллаж, бидний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болсондоо баяртай байна. 
Бид үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг ханган хариуцлагатай, чадварлаг, шуурхай, шударга байх зарчмыг үнэт зүйлсээ болгон эрч хүчээр дүүрэн Соёл, урлагийн хөгжлийн төлөө ажиллах болно. 


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай