Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

  • Нүүр хуудас
  • /
  • ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХАЙРХАН – БУРХАН ХАЛДУН УУЛ

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХАЙРХАН – БУРХАН ХАЛДУН УУЛ

2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлахаар болж Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

2013 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааны үеэр "Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан тухай тогтоолыг Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд олон нийтэд танилцуулна.

Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөрөгийн 48 045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбицолд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог.

Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.

13-р зуунд Их хаадыг оршуулж эхэлснээр хүн очихыг хориглож, “Хоригууд” бий болгосон нь Бурхан Халдун уулыг тахидаггүй байсан гэсэн үг биш. Очсон нь Дунд овоонд бөөгийн болон бурханы шашны зан үйлүүдийг үйлдэж, очоогүй нь сэтгэл байвал, газар холдохгүй хэмээн Бурхан Халдунаа гэж бодон түүний бараа харагдах өөр бусад тахилгат уул, овоог сүсэглэн тахидаг байжээ.

1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргасан.

Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслолыг нийтдээ 5 удаа үйлдсэн бөгөөд хамгийн сүүлд 2010 оны 5-р сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн удирдлагууд, уул усаа бахдан шүтэж байдаг ард түмэн уламжлалт тайлгыг үйлджээ.

Төсөл хөтөлбөр