Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүллээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 11 сарын 24-28 ны өдрүүдэд боллоо. Хуралд 130 орны 900 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Элчин сайд М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэн юм. Уг хуралдаанаар Монгол улсаас Шагайн харвааг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлж олонхийн саналаар бүртгэн авлаа. Монгол өвийг бүртгэн авсанд талархаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ: “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжин монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоо бүхий мөн баг хамт олныг дэмжиж хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм. Шагайн харваа ийнхүү бүртгэгдсэн нь Монгол улсаас хүн төрөлхтөний соёлын өвд оруулж байгаа үнэт хувь нэмэр юм” гэжээ. Мөн хуралдаанаар Монгол Улсаас бүртгүүлсэн ЮНЕСКО-гийн соёлын өвүүд болох Бий биелгээ, Тууль, Цуур хөгжмийн хэрэгжилтийн тайланг амжилттай хэлэлцүүллээ. Цаашид ЮНЕСКО-д бүртгүүлсэн дээрх өвүүдийг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, хөрөнгө төсөвлөхийг Засгийн газарт зөвлөмж болгосон байна.

Төсөл хөтөлбөр