Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18

Монгол тууль нь Монголын эртний түүхэн дэх баатарлаг үйлсийг мөнхжүүлж байгаа ардын аман зохиолын нэг төрөл бөгөөд хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг томоохон хэмжээний туурвил юм.

Монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхагласан билээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн  2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн "Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Үүнд:

  • Ховд,Увс, Баян-Өлгий аймагт туулийн урын сангийн судалгаа, туульч нарын бүртгэн 1950 минутын баримтжуулалтыг хийж мэдээллийн сан үүсгэв,
  • Монгол туулийг удам дамжин өвлүүлэн уламжилж ирсэн 11 туультай гэрээ хийж шавь сургалтыг зохион байгууллаа. Ингэснээр өнөөдөр туулийг сонирхон суралцаж буй 30 гаруй шинэ залуу туульчдаар өвлөн уламжлагч - шавь сурагчаар хүрээгээ тэлсэн байна.
  • Олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд МҮОНРТВ-тэй хамтран 6 цуврал нэвтрүүлэг, “Оллоо” ТВ-тэй хамтран 2 цуврал нэвтрүүлэг, мөн “Сэмүүн”  студитэй хамтран 1 баримтат кино хийж олны хүртээл болголоо.
  • Богд хааны ордон музейтэй хамтран 2014 онд  “Хаан туульсын өргөө”-г нээж тууль хайлах болон туультай холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйлийг сурталчлах  боллоо.
  • Төслийн хүрээнд мартагдаж голомт нь тасарч байсан дөрвөд, баяд туулиуд сэргэн амилж, удмын туульчид дахин төрсөн нь томоохон амжилт, үр дүн хэмээн тэмдэглэж байна. 

Өнөөдөр БСШУСЯ-ны байранд дээрхи "Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь" төслийн хүрээнд хэвлэгдсэн Монгол туулийн 12 боть цуврал номын нээлт боллоо. Монголчуудын домог зүй, гүн ухаан, уран сайхны сэтгэлгээний охь шим, үлгэр, ерөөл, магтаал, зүйр цэцэн үгийг багтаасан соёлын гайхамшигт өв -Монгол  туулийн эхний 10 ботийг ЮНЕСКО-гийн төслийн санхүүжилтээр, XI-XIIботийг БСШУСЯ, Соёлын өвийн төв хамтран төсвийн  санхүүжилтээр тус тус хэвлүүлсэн бөгөөд эдгээр ботиуд ийнхүү номын сангуудаар дамжин олны хүртээл болоход бэлэн боллоо.

Сэтгэгдэл