Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18

Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв болон “Дармадари” ХХК, “Арума” ХХК-ийн хамтран зохион байгуулсан “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт 2017 оны 01 сарын 27-ний өдөр Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Уг үзэсгэлэнг монгол үндэсний соёлын үнэт өв болох уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний сүлжмэлийн урлалын түүх, хөгжлийн өнөөгийн дүр төрхийг илтгэн таниулах зорилготой зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнг нээж Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн, МУ-ын уран хатгамалч З.Цэнгэлсайхан, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Соёлын өвийн төвийн ББӨХХ-ийн дарга А.Саруул нар үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтийг мялааж уртын дуучин Б.Батболд, Б.Бямбадорж, морин хуурч М.Алтанбат, Б.Өлзийсайхан, Х.Зоригтбаатар нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. 
Үзэсгэлэнд Богд хааны ордны урчуудын бүтээсэн дээл, малгай, хүрэм, тамхины хавтага, даалин, Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог, манан тээгтэй хавтага, гутал, Богд хааны хантааз зэрэг уран хатгамлын шилдэг үзмэрүүд, мөн Монгол Улсын нэртэй уран хатгамалчдын уран бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэнгийн үеэр “Хүндэтгэлийн даалин” урлаж эхлэх ёслолын ажиллагаа болж, уг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн уран хатгамалчид, өвлөн уламжлагчид оролцов.
Эрт үеэс уламжлагдаж ирсэн уран хатгамлын урлал нь үйл урлаачийн нүдний ур, ухааны ур, гарын ур, уйгагүй хөдөлмөрийн үр дүн бөгөөд монголын уламжлалт уран хатгамал, оёдлын төрөл шаглах, товших, дан давхар хөвөрдөх, хөших, нэвтгэлзэх, хавах зэрэг энгийн оёдлууд, хонин холбоо, зүү ороох, загасан нуруу зэрэг гоёл чимэглэлийн хатгамлын төрлүүдээр бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн харуулж, өвлөн уламжлагчид, өв соёлоо танилцуулсан үзэсгэлэн боллоо.

Сэтгэгдэл